УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” арга хэмжээний нээлтэд оролцлоо

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо.
Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Филармонийн Их танхимд боллоо. Энэ арга хэмжээг нээж Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлсэн юм.
Н.Учрал дарга хэлсэн үгэндээ, Ринчений Чойном нь XX зууны хоёрдугаар хагасын богино хугацаанд шүлэг, зохиолоо бичсэн Монголын утга зохиолын өвөрмөц төлөөлөгч бөгөөд тухайн цаг үеийн нийгэм, хүний амьдралын бодит үнэнийг илэрхийлж, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглагч, чөлөөт сэтгэлгээний дууч байсан гэж онцлов.
Тэрбээр мөн өөрийн аавтай адил Хэнтий нутгийн хүн болох Р.Чойномыг нутгийнхан болон олон нийтийн дунд домог мэт дурсагддаг, түүний шүлэг зохиол нь хүүхэд насны хүсэл мөрөөдлийг хөгжүүлж, эх орон, түүхээр бахархах сэтгэлийг төрүүлж, өөрчлөгч сэтгэлгээг төлөвшүүлсэн гэж тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга “Чөлөөлье” санаачилга болон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогын зорилго нь яруу найрагчийн үзэл санаатай нийцэж байгааг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Засаг төрийн хатуу хяналттай үед ч шүлэг найргаараа үзэл бодлоо илэрхийлж, хатуу нөхцөлд сөхрөлгүй ирэх цагийн дууч байж чадсан нь түүний гавьяа гэдгийг тэмдэглэж, ардчилал, эрх чөлөөний үзэл санаа нийтийн хүртээл болсон дараа төрөөс түүний ялыг цагаатгаж, 1991 онд Монгол Улсын Төрийн шагналыг нөхөн олгосон нь шударга ёсны баталгаа болсон гэж хэлэв.
Улсын Их Хурлын дарга мөн Чойном яруу найрагчийн амьдралаас эрх чөлөө, тусгаар тогтнол их үнээр олддогийг харуулсан бөгөөд тэрбээр эд баялаг, эрх мэдэл биш харин үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүссэн гэж онцоллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулсан бөгөөд нэрт яруу найрагчийн гэр бүл, найз нөхөд, ахмад зохиолч, яруу найрагчид, судлаачид болон урлаг соёлын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцсон юм.
Энэхүү арга хэмжээ нь Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан жил үргэлжлэх үйл ажиллагааны эхлэл болж байгааг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
