Монгол Улсын гадаад бодлогын прагматик чиглэл ба АНУ-тай харилцааны сорилтууд

Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлого, ардчилал, энх тайвны үнэт зүйлсийг гадаад бодлогынхоо үндсэн тулгуур гэж тодорхойлж ирсэн. Энэ хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан олон улсын энх тайвны чиг баримжаатай “Энхийн зөвлөл” хамтын ажиллагаанд нэгдсэн нь гадаад бодлогын идэвхтэй алхам гэж үнэлэгдэж байв.
Онолын хувьд ийм санаачилгад нэгдэх нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг өсгөх, ардчилсан үнэт зүйлсийг дэмжигч орны байр суурийг бататгах, АНУ зэрэг барууны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм. Мөн энхийг эрхэмлэгч, төвийг сахисан бодлого баримталдаг улсын хувьд ийм хамтын ажиллагаанд оролцох нь гадаад бодлогын нэг хэлбэр гэж үздэг.
Гэвч бодит байдал дээр энэ төрлийн оролцоо нь заавал бодит ашиг авчирдаг эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, АНУ-ын визийн бодлогын өөрчлөлт нь үүний тод жишээ болж байна. Дональд Трампын засаг захиргааны саяхны шийдвэрээр АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулна.
Энэ нь нэг зөрчил илэрхийлж байна. Нэг талаас Монгол Улс АНУ-ын санаачилсан энхийн, ардчиллын шинжтэй хамтын ажиллагаанд оролцож, улс төрийн хувьд “найрсаг түнш” гэж тодорхойлогдохыг хичээж байгаа бол нөгөө талаас визийн бодлогоор иргэдэд итгэх итгэл сул, цагаачлалын эрсдэлтэй улс гэж үнэлэгдэж байгааг харуулж байна.
Мөн “Энхийн зөвлөл”-д нэгдсэн орнуудаас зөвхөн Монгол, Камбож гэсэн хоёр улс 50 орныг хамарсан энэхүү визийн шаардлагын жагсаалтад орсон нь асуудлыг тодруулж байна. Төв Азийн Казахстан, Узбекистан зэрэг улсуудыг энэ жагсаалтад оруулаагүй бөгөөд үүнийг АНУ-ын дотоод бодлогоос гадна тухайн улс орнуудын гадаад бодлогын үр нөлөө, дипломат харилцааны чанстай холбон тайлбарлаж болно.
Иймээс Монгол Улсын хувьд олон улсын санаачилгад нэгдэхээс гадна бодит дипломат ажил, хэлэлцээ, элчин сайдын яамдын идэвх, үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай байна. Хэрэв гадаад бодлого зөвхөн тунхаглал, оролцооны түвшинд үлдэж, иргэдийн бодит ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй бол түүний үр нөлөө хязгаарлагдмал хэвээр байх болно.
Монгол Улс гадаад бодлогоо илүү прагматик, үр дүнд чиглэсэн болгох шаардлагатай бөгөөд олон улсын тавцанд идэвхтэй оролцохын зэрэгцээ оролцоо нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх нь чухал юм.
