Тбилисийн их дуулга жүдо бөхийн тэмцээн Гүржид эхэллээ

2026-03-20 21:301min
20260320-213030-file.jpeg
Гүржийн Тбилис хотод энэ оны гурав дахь “Их дуулга” жүдо бөхийн тэмцээн эхэлж, 51 орны 389 жүдоч оролцож байна. Монголын баг эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчнаар өрсөлдөж байна.

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн болох “Тбилисийн их дуулга” дэлхийн чансааны оноо олгох олон улсын цуврал тэмцээн Гүрж улсын Тбилис хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 22-ны өдөр багийн барилдаанаар өндөрлөнө.

Тэмцээнд Франц, Герман, ОХУ, Гүрж, Япон, Монгол зэрэг 51 орны 389 жүдоч оролцохоор бүртгэгджээ. Зохион байгуулагч Гүржээс 42 жүдоч барилдах бол Японы шигшээ багаас хоёр эмэгтэй жүдоч өрсөлдөнө.

Монгол Улсаас ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байна. Эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Сүхбат, Н.Мэндсайхан, -66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, -73 кг-д олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар нар барилдах юм.

Эмэгтэйчүүдээс -48 кг-д А.Мишээл, -57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, -63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, -78 кг-д Ж.Урангоо нар өрсөлдөнө.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаан явагдаж, медальтнууд тодрох юм.