АНУ Монгол Улсын цагаачлалын визийг түр хязгаарлах шийдвэрт Монголын Элчин сайд хариу өглөө

2026-03-20 20:301min
20260320-203039-file.jpeg
АНУ-ын засаг захиргааны 75 улсын цагаачлалын визийг түр зогсоох шийдвэрт Монгол Улс багтсан талаар Элчин сайд Ө.Батбаяр мэдээлэл өгч, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч байгааг онцлов.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас 75 улсын цагаачлалын визийг түр зогсоох, хязгаарлах шийдвэр гаргасны дотор Монгол Улс багтсан байна. Энэ шийдвэрийн хүрээнд тухайн улсын виз олголт, хяналт эрс чангарч, гадаадын иргэдийн нэвтрэх журам хатуу болсон юм.

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар Элчин сайд Ө.Батбаяраас тодруулахад тэрээр АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын тоо ойролцоогоор 44 мянга орчим байгааг дурдлаа. Түүний хэлснээр Чикаго хотод 15 мянга орчим, Элчин сайдын яам байрладаг гурван мужийн заагт 10 гаруй мянга, мөн баруун эрэгт Калифорни муж, Сиатли хот, Санфранциско, Лос-Анжелес хотод 10 орчим мянган монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна.

Трампын засаг захиргааны цагаачлалын бодлого нь хэд хэдэн үндсэн нөхцөлтэй бөгөөд нэгдүгээрт, зарим орны иргэд хууль бусаар ажиллаж амьдрахын зэрэгцээ хар тамхи, гэмт хэрэг, химийн гаралтай мансууруулах бодисын худалдаа зэрэг асуудалд холбогдож буй нь нутгийн иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байгааг онцолсон байна.

Хоёрдугаарт, америкчуудын татварын мөнгөөр нийгмийн халамж хүртэж буй давхаргыг цөөлөх бодлого хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалтуудын нэг юм. Цагаач иргэдийг зөвхөн аялал жуулчлалын зорилгоор ирж, буцах шаардлагыг өндөржүүлж байгаа аж.

Монголчуудын хувьд ихэнх нь хариуцлагатай, гэмт хэрэг гаргах нь харьцангуй бага ч цөөн тооны асуудал үүсгэж буй хүмүүсээс болж нийтэд нөлөөлөх байдал үүсдэг гэж Элчин сайд тэмдэглэв. Мөн нийгмийн халамжид хамрагдах асуудал өндөр байгаа тул иргэд визний хугацаагаа хэтрүүлэхгүй байх шаардлагатайг онцолсон.

Гадаад харилцааны яам нь шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Элчин сайд Ө.Батбаяр энэ асуудлыг хэлэлцэх, Монгол иргэдийг хасуулахгүй байх талаар байр сууриа хамгаалах үүрэгтэйг дурдав. Тэрбээр АНУ-ын засаг захиргааны цагаачлалын бодлогыг статистик тоо баримтад үндэслэн гаргаж буй шийдвэр гэж үзэж, хоёр улсын харилцаа, гуравдагч хөршийн стратегийн түвшний харилцааг харгалзан үзэх ёстойг онцлов.