Ерөнхий сайд макро эдийн засгийн өсөлтийг хадгалах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гаргалаа

2026-03-20 19:001min
20260320-190038-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар макро эдийн засгийн өсөлтийг хадгалах, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд олон улсын зөвлөмжид үндэслэн албан даалгавар гаргалаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр макро эдийн засгийн өсөлтийг хадгалах, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.

Тэрбээр Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад олон улсын байгууллагуудын, тухайлбал Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаа, зөвлөмжид үндэслэн хариуцан хэрэгжүүлэх ажлуудыг бодит үр дүнтэй гүйцэтгэх үүрэг өгсөн байна.

Албан даалгаврын жагсаалтад багтсан ажлууд нь төсөв мөнгө зарцуулахгүйгээр хэрэгжих боломжтой бөгөөд үүнд аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх эрх олгох, 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх, зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг автомат тогтолцоонд шилжих асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулах зэрэг орно.

Эдгээр арга хэмжээний үр дүнд орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болох, зөвшөөрлийн хугацаа богиносож, бизнесийн орчин сайжрах боломжтой гэж үзэж байна.

Мөн Сангийн яам гадаадын банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрүүдэд зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн тусгай шугамыг бага хүүтэй нээх, хэрэглээний зээлийн эзлэх хувийг бууруулж үйлдвэрлэлийн зээлд шилжүүлэх, хувийн хэвшлийн ажилтнуудын сургалтын зардлыг татвараас хасах, аймгийн төсвийн зарлагын дээд хязгаарыг орон нутгийн онцлогт тохируулан уян хатан болгох зэрэг асуудлыг судлан хэрэгжүүлэх үүрэг авсан байна.

Ерөнхий сайд албан даалгаврын хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт сар бүр тайлагнахыг анхааруулжээ.