ЦЕГ Нэгүүн.мн сайтын оффист нэгжлэг хийсэн талаар мэдээлэл өглөө

2026-03-20 11:001min
20260320-110033-file.jpeg
ЦЕГ Нэгүүн.мн сайтын оффист прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, бэлнээр авсан гэх мэдээллийг мөрдөн шалгаж байна. Нэгжлэгийн явцад тухайн хүний бие муудсан тул эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Цагдаагийн ерөнхий газар өчигдөр Нэгүүн.мн сайтын оффис дээр нэгжлэг хийсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2021 оны хоёрдугаар сарын 13-нд иргэнээс мэдээлэл ирснээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд дараа нь гуравдугаар сард өөр нэг иргэнээс 30 сая төгрөг бэлнээр авсан тухай мэдээлэл ирсэн байна. Энэ мэдээлэл мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон гэж ЦЕГ үзэж байгаа юм.

Нэгжлэгийг прокурорын зөвшөөрлөөр хийсэн бөгөөд зөвшөөрлийг тухайн хүэнд танилцуулж, оффист нь нэгжлэг хийхээ мэдэгдсэн байна. Нэгжлэгийн явцад тухайн хүн бие муудсан тул цагдаагийн албан хаагчид хүнлэг хандсан бөгөөд 103 дугаарын эмчийг дуудаж үзүүлсэн байна. Шаардлагатай гэж үзэн хоёрдугаар эмнэлэгт авч явж амин үзүүлэлт, ЭХО болон бусад шинжилгээ хийлгэсэн бөгөөд жирэмсэн эсэх болон урагт өөрчлөлт орсон эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

Нэгжлэгийн үйл ажиллагаа бүхэлдээ хяналтын камерын бичлэгээр хянагдаж байгаа бөгөөд прокурорын зөвшөөрлөөр бичлэгийг үзүүлэх боломжтой юм.

Энэхүү нэгжлэгийг эд мөрийн баримтыг устгахаас сэргийлж, прокурорын зөвшөөрлөөр хийсэн бөгөөд сайтын хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд халдаагүйг онцлов. Нэгжлэгийн явцад тус сайт хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бичлэг хийж байсан байна.

Цагдаагийн албан хаагчид тухайн эмэгтэйг хамгаалж, бие муудсан үед нь хажууд нь зогссон гэж мэдээлэв.

Бэлнээр авсан гэх 30 сая төгрөгийн асуудал нь хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байна.

Утас хураасан нь прокурорын зөвшөөрлөөр хийгдсэн бөгөөд утсан дээрх нотлох баримтыг шалгах зорилготой юм. Утсыг шалгаад буцааж өгөх бөгөөд нотлох эсвэл үгүйсгэх баримт аль аль нь байж болохыг дурдав.