Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох журам шинэчлэгдлээ

2026-03-20 09:301min
20260320-093018-file.jpeg
Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох процессийг хялбаршуулж, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээх шаардлагыг халж, хугацааг богиносгох хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг боловсруулж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/1172 дугаартай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай” тушаал хүчингүй боллоо.

Энэ тушаалын дагуу хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авахад хяналтын улсын байцаагчийн дүгнэлт шаардлагатай байсан нь улсын бүртгэл хөтлөх процессыг удаашруулж, ихээхэн хугацаа зарцуулдаг байв.

2020 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд 12,033 удаагийн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох үйлчилгээ үзүүлсэн бөгөөд энэ нь 12,033 удаагийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан гэсэн үг юм. Цаашид энэхүү дүгнэлтийг хүлээх шаардлагагүй болж, хугацаа алдахгүй боллоо.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцох асуудлыг зохицуулж байсан дээрх тушаалыг холбогдох хууль, журамд нийцүүлэн хүчингүй болгож, улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй дүгнэлтийг гаргасан байна.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох үүднээс гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгох хугацааг богиносгох талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулж байна.