Монгол Улсыг АНУ-ын Визийн бонд хөтөлбөрт хамруулжээ

2026-03-20 08:301min
20260320-083021-file.jpeg
АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсыг визийн барьцаа байршуулдаг хөтөлбөрт хамруулсан талаар мэдээлж, Гадаад харилцааны яамтай уулзалт зохион байгуулсан байна.

АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсыг “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан талаар мэдээлэл гаргалаа. Ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд АНУ-ын B1/B2 ангиллын виз авахдаа 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулна.

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар мэдэгдэл гаргажээ. АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яам визийн сахилга бат, хяналтыг сайжруулах зорилгоор B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөрт Монгол Улсыг нэмсэн байна.

2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломат албан тушаалтнууд Гадаад харилцааны яаманд дуудаж уулзжээ. Уулзалтаар Монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга авч, АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Монгол Улсын тал энэ шийдвэр нь хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Мөн жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт одоогоор 50 орон хамрагдаж байгааг, энэ нь визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэжээ. Мөн Монголын талд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.