Нийслэлд усан оргилуур бүхий спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн баригдаж байна

Нийслэл хотын гэр хорооллын бүсэд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн баригдаж байна. Энэхүү цогцолбор нь усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэнг багтаасан бөгөөд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 5 буудлын орчимд байрлаж байна.
Барилга угсралтын ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд үндсэн барилгын каркас, фасад, өрлөгийн ажлууд дууссан байна. Мөн дотор засал, гадна инженерийн шугам сүлжээ, явган зам, авто зогсоол, авто зам, гадна тохижилтын бетон цутгалтын ажил хийгдэж дуусжээ.
Тус бүтээн байгуулалт нь нийт 2.9 га буюу 29,920 ам метр талбайг хамарч, гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөг, гүйлт болон дасгалын талбайтай байх юм.
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын мэдээлснээр, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг 2024 онд эхлүүлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
