Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Н.Алтанхуягийн цагаатгалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр боллоо

2026-03-11 18:301min
20260311-183044-file.jpeg
Нийслэлийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 3 дугаар сарын 2-нд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг дуусгав.

Шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн зарим шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, зарим хүмүүсийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, зарим хүний цагаатгал болон ял, шийтгэлийг хэвээр үлдээжээ.

Жишээ нь, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тэрбээр “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам болон “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, хувийн компаниудад хууль бус давуу байдал бий болгосон хэргээр шалгагдаж байсан юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн шалгаагүй, эсрэг тэсрэг баримтуудыг дүгнээгүй, мөн Дээд шүүхийн өмнөх зааврыг биелүүлээгүй гэж үзжээ. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Шүүх дараах асуудлуудыг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүнд Засгийн газар яаралтай горимоор зам, дэд бүтцийг төрд авах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн эсэх, концессын гэрээ хүчинтэй байхад төр худалдан авсан шалтгаан, хувийн компаниудад давуу байдал бий болсон эсэх, үнэ бодит өртгөөс өндөр байсан эсэх, шийдвэрийг хэн санаачилсан зэрэг асуудлууд орж байна.

Давж заалдах шатны шүүх Н.Алтанхуягийг буруутай гэж тогтоогоогүй ч цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.