Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дээрэлхэлтийн хэрэг дахин анхаарал татав

2026 оны гуравдугаар сарын 9-ний шөнө ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид нийлж нэгэн эмэгтэй сурагчийг дээрэлхэж, биед нь халдсан бичлэг цахим орчинд тархсан байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, уг хэрэгт 14-17 насны найман хүүхдийг холбогдуулан шалгаж байгаа аж.
Хэрэв хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдвол гурван жил хүртэл, харин хүнд гэмтэл учруулсан бол 8-12 жил хүртэл хорих ялаар шийтгэх эрх зүйн зохицуулалттай юм.
Гэвч энэ нь цөөн тохиолдол биш бөгөөд энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас 2200 гаруй хүүхэд хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мөн насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон 1050 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эдгээр тоо баримтаас үзэхэд 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар дарамт, хүчирхийлэлд өртөж байсан гэсэн дүгнэлт гарч байна. Үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн сургуулийн орчинд гардаг бөгөөд нийт тохиолдлын 45 хувь нь ахлах ангийн сурагчдын дунд үйлдэгддэг байна.
Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нь бусдын бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулах зорилгоор ганцаар болон бүлэглэн, давтамжтайгаар үйлдэх түрэмгий зан үйл юм. Үүнд өдөж уурлуулах, хочлох, элэглэн шоолох, айлгах, дарамтлах, ганцаардуулах, цуурхал тараах зэрэг үйлдлүүд багтдаг.
Сүүлийн үед дээрэлхэлтийг бууруулах зорилгоор дээрэлхэлт үйлдсэн сурагчийн зөрчлийг хувийн хэрэгт тэмдэглэн үлдээх талаар судалж эхэлжээ. Ингэснээр их, дээд сургуульд суралцах, ажлын байранд орох, гадаадад зорчих зэрэгт тодорхой хязгаарлалт үүсч болзошгүй гэж үзэж байна.
Гэвч зарим хүмүүс энэ зохицуулалт нь дээрэлхэлтийг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүүхдийн эрхийг зөрчих эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна. Учир нь өсвөр насанд гаргасан алдаа нь тухайн хүүхдийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм.
Тиймээс зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, сургуулийн орчинд дээрэлхэлтийг бууруулах бодит арга хэмжээг хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд хувийн хэрэгт тэмдэглэх шаардлагатай бол тухайн хүүхэд насанд хүрч, бүрэн төлөвшсөний дараа тэмдэглэлийг хасах боломжтой байх ёстой гэж үзэж байна.
Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн бичлэг нь сошиал орчинд тархсан үед л анхаарал татаж, арга хэмжээ авдаг асуудал хэвээр байх ёстой юу гэдэг асуулт олон нийтийн дунд хөндөгдөж байна.
