Төрийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэл дээр авах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс өмнө нь зөвхөн англи хэл дээр гаргадаг байсан лавлагаа, тодорхойлолтыг одоо Орос, Англи, Хятад, Солонгос, Франц гэсэн таван хэл дээр авах боломжтой боллоо.
Өөрөөр хэлбэл, иргэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолтоо орчуулгын төвд очихгүйгээр шууд таван хэл дээр гаргуулан авах боломжтой болсон юм.
5 хэл дээр гарч буй лавлагаа, тодорхойлолтууд нь:
– Төрсний бүртгэлийн лавлагаа
– Иргэний үнэмлэхийн лавлагаа
– Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
– Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
– Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
– Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт
– Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
– Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
– Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
– Жолоочийн лавлагаа, мэдээлэл
– Дархлаажуулалтад хамрагдсан тодорхойлолт
Эдгээр лавлагаа, тодорхойлолт нь гадаадад суралцах, ажиллах, виз мэдүүлэх зэрэгт шаардлагатай бол орчуулга хийлгэх шаардлагагүйгээр шууд E-Mongolia системээс олон хэл дээр авах боломжийг олгож байна.
Мөн НҮБ-ын дөрвөн албан ёсны хэл болох Англи, Франц, Орос, Хятад хэл дээр гарч байгаа тул олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ юм. Түүнчлэн Монгол иргэд хамгийн ихээр зорчдог Солонгос хэл нэмэгдсэн.
Иргэд үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх болон гар утсаа авч ирэхэд хангалттай бөгөөд итгэмжлэлээр үйлчилгээ авах тохиолдолд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй, тухайн үйлчилгээ тусгагдсан байх шаардлагатай юм.
