П.Сайнзориг 1,024 бөх барилдуулах хуулийн өөрчлөлт санаачилжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ. Тэрбээр уг хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажлыг эхлүүлэхээр болсон талаар УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлсэн байна.
Хуулийн төсөлд бөхийн барилдаанд оролцох бөхчүүдийн тоог 1,024 болгон нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ нь бөхийн спорт сонирхох залуучуудын тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Одоогийн хязгаарлалт нь бүртгэлийн үеэр залуу бөхчүүдийг барилдуулах боломжийг хязгаарлаж, хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, авлига, ашиг сонирхлын асуудал үүсгэж байгааг засах зорилготой юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-д зааснаар, Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1,024 бөх барилдах зохицуулалттай. Бусад баяр наадамд 512 бөх, аймгийн наадамд 128 хүртэлх бөх, сумын наадамд 64 хүртэлх бөх барилдах хууль эрх зүйн зохицуулалттай байна.
Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тэгш ой тохиож байгаа юм.
