МУГТ Э.Цэндбаатар дөрөвдүгээр сард Тажикистаны боксчинтой мэргэжлийн тулаан хийнэ

МУГТ Э.Цэндбаатар энэ оны эхний мэргэжлийн боксын тулаанаа дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-ын Нью Жэрси мужийн Брик Сити хотод Тажикистаны боксчин Мухаммедхуча Ягубовтой хийхээр болжээ.
Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж, нэг ч хожигдолгүй яваа бөгөөд энэ удаагийн тулаан нь түүний 15 дахь мэргэжлийн тулаан юм.
Тажикистаны боксчин Мухаммедхуча Ягубов 10 настайгаасаа боксоор хичээллэж, 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж эхэлсэн. Тэрбээр нийт 25 тулаан хийснээс 23-д нь ялалт байгуулж, нэг тэнцэж, нэгт нь хожигдсон байна. Ялалтын 12-ыг нь хүнд цохилтоор авсан.
Дэлхийн боксын холбооны чансаагаар Ягубов наймд, харин Э.Цэндбаатар 15-д бичигдэж байна.
Сүүлийн жилүүдэд Э.Цэндбаатар мэргэжлийн боксын тавцанд амжилттай өрсөлдөж, хурд, довтолгооны хүчтэй хэв маягаар боксын хорхойтнуудын анхаарлыг татсаар байна.
