Дундаж цалинтай нэг иргэний 170 жилийн цалин оймсноосоо гаргасан МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханыг олон нийт жигшин зэвүүцэж байна. Албан тушаалаа ашиглан, бусдыг дарамтлан авилга авч, авсан мөнгөө оймсны түрийндээ нууж яваад гардуулсан энэ эрд Монголын шүүх ердөө л 40 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байгаа.
Үүнээс гадна нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, авлигачин эрийн толгойг илээд өнгөрсөнд иргэд бүр ч дургүйцэж байна.
Н.Баярсайханы баримт нийтэд ил болсны дараа түүний “Миний хувийн нэр хүндэд ингэж халдаж байгаад харамсаж байна. Монгол бол ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс орон. Гэтэл хуулиар шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүлж байна” гэсэн үг бүхий фото зураг ТВ-д ярилцлага өгөхдөө хэлсэн гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд ихээр тархаад байна.
Оймсноосоо 25 сая төгрөг, зочны өрөөнөөсөө 16.460 ам.доллар, 5 сая төгрөг, унтлагын өрөөнөөсөө 17.5 сая төгрөг, гэртээ байх сейфнээсээ 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөсөө 8600 ам.доллар, 10 сая төгрөг хураалгасан авлигачин эр үнэхээр ийм тайлбар өгсөн бол тэр оодорчээ.
Тийм ээ, Монгол Улс бол ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс орон. Гэхдээ хулгай хийх, авилга авахад ардчилал гэж байх учиргүй. Энэ бол гэмт хэрэг. Энэ улс орон, энэ улс орны сая сая иргэд Н.Баярсайхан шиг оодорсон авлигачыг өршөөхгүй, уучлахгүй. Үүнийг авлигачид сайн санаж авах хэрэгтэй.
Ард түмний талхны мөнгө, боломжийг хулгай хийж, хүнсний хортой эд зүйл импортлох хаалгыг авлига авч нээсэн Н.Баярсайхан уг нь “намайг дахин хэлмэгдүүлж байна” гэж гонгинохоосоо өмнө ард түмнээс уучлал гуйх ёстой байв.
Н.Баярсайханд нэр төр гэж байх ёсгүй. Шүүх түүнд харин ч зөөлөн ял оноосон. Бүр толгойг нь илээд өнгөрсөн. Зүй нь түүний авлигад авсан 1 тэрбум гаруй төгрөгийг бүгдийг улсын орлого болгох ёстой байв. Гэвч шүүх яагаад ийм шийдвэр гаргаагүй вэ?
Авлигад авсан мөнгөнийх нь 40 сая нь торгуулийн хөлс, бусад нь Н.Баярсайханы мөнгө гэж үзсэн хэрэг үү. Шүүх авлигачын хэргийг шүүхдээ авлигачаас авсан мөнгөнөөс дахин авлига авч шийдвэр гаргасан юм биш байгаа гэсэн асуудал ч үүний ард нуугдаж байгаа. Энэ бол эрэн сурвалжлах өөр нэг сэдэв мөн.
Хэрвээ Н.Баярсайханы бичлэгийг АТГ дэлгээгүй байхад иргэд, олон нийт түүнийг оймсондоо 10 мянган доллар нуусан хэмээн цуурсан бол тэр олон мянган иргэн өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэж болох байв. Бас өөрийнх нь толгойг илсэн, авлигачыг өршөөсөн шүүхийн шийдвэрийг “ялын дээд” хэмжээнд тооцож болох байв.
Гэвч түүнийг бусдыг хясан боогдуулж, авлигад авсан 10.000 доллараа оймсноосоо гаргаж ирж байгааг чинь монголчууд кино шиг баримтаар үзлээ. Өөр юу хэрэгтэй юм бэ. Авлигачдыг ард түмэн уучлахгүй. Н.Баярсайхан харин ард түмнээс ичиж, тэднээс уучлал гуйгаад, авлиагад авсан мөнгөө сайн дураараа улсад тушаачих.
Тэгээд дараа нь энгийн жирийн, эгэл хүн шиг, бүр авлигын муу үр дагавар, нэр төрийн алдагдал, сэтгэл санааны гутралыг өөрийн биеэр амсаж, гэмээ ухаарсан Ардын баатар шиг амьдраарай.
Д.ОРГИЛ
1 comment
Авилгад авсан бүгдийг улсад тушааж шоронд хий