Хүн гэдэг байгалийн хүчний өмнө өчүүхэн амьтан гэдгийг мэдрүүлэх газар манай гарагт олон бий. Тийм газруудын тоонд дэлхий дээрх там буюу хамгийн халуун газрууд яах аргагүй орно.
Даллол, Этиоп
Энэ бүсийн агаарын жилийн дундаж температур дэлхийн хамгийн өндөрт тооцогддог. 1960-1966 онд энэ бүсийн дундаж хэм Цельсийн 34,4 градус байжээ. Өөрөөр хэлбэл, энэ бүсийн халуун дэлхий нийтийг айлгахаар их биш ч бүтэн жилийн турш огт буудаггүй гэдгээрээ онцлогтой. Даллолд өдрийн дундаж хэм Цельсийн 38 градус байх нь хэвийн үзэгдэл. Үүнээс гадна өвөл, зуны улирлын ялгаа бараг байхгүй. Дэлхийн ихэнх бүсэд нар дээрээс төөнөж халдаг бол энд дээрээсээ, мөн доороос буюу хөрснөөсөө халдаг. Афарын хонхор нь Даллол галт уулнаас холгүйхэн орших галт уулын идэвхтэй бүс юм.
Өнгөрсөн зууны 60-аад онд уул уурхайн суурин байсан энэ газарт өдгөө хүн амьдрахаа больжээ. Үүнээс гадна зам, харилцаагүй, дэлхийн хамгийн бөглүү нутгийн нэг болсон байна. Даллолоор зөвхөн давс олборлох, зөөвөрлөх жингийн цуваа л явдаг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ халуун бүсийн байгалийн төрх Бархасбадь гарагийн дагуул Иогийн төрхтэй төстэй болохоор жуулчдын анхаарлыг ихэд татах болжээ.
Тират-Цви, Израиль
Израилийн Бейт-Шеан өргөн хөндийн нутагт орших Тират-Цви хэмээх газарт 1942 оны 06 дугаар сарын 21-нд агаарын хэмийн дээд амжилт тогтоож байжээ. Аагим зуны ид халууны үеэр энд Цельсийн нэмэх 53,9 градусын халууныг бүртгэсэн гэдэг. Байгаль цаг уурын ийм хүнд нөхцөлтэй хэдий ч энд хүмүүс бүгчим халуунаас аврагдах аргад суралцан хэдэн зууны турш аж төрж иржээ. Тэд гэрээ тусгай майхнаар тоноглож, сүүдэрт нь халуун нарнаас нуугдан аж төрдөг. Мөн суурингийн ойролцоох цөөрөм ч тэдний аминд ордог байна. Иордан гол энэ хөндийн үржил шимийг тэтгэдэг хэдий ч халуун нар энэ хавийг шатаах шиг л болдог. Хэдий тийм боловч Тират-Цви нь хасарваанийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Мөн хуурай уур амьсгалтай болохоор Суккот шашны баярт хэрэглэдэг лулавыг ургуулахад хамгийн тохиромжтой газар болдог байна.
Кебили, Тунис
Баян бүрд гэхээр цөл газар гангийн халуунаас дайжих цорын ганц аврал гэж хүмүүс ойлгодог. Тэгвэл хүмүүсийн энэ ойлголтыг эвдсэн газар бол Тунисын төвд орших Кебили баян бүрд юм. Энэ газар дал мод ихээр ургасан харьцангуй сүүдэртэй ч агаарын температур нь Цельсийн нэмэх 55 градус хүрэх нь хэвийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл халуун уур амьсгалаараа алдартай Африк тивдээ ч хүн тэвчихийн аргагүй халуунд ордог газар.
Сонирхолтой нь Кебили баян бүрдэд хүн амьдардаг төдийгүй уугуул иргэд нь энэ цаг ууртаа хэдийнэ дасчихсан, өөр газар амьдарна гэж төсөөлдөг ч үгүй гэнэ. Эрдэмтдийн олж нээснээр бол энэ баян бүрдэд хэдэн мянган жилийн өмнөөс суурин бий болжээ. Энэ газрын аагим халуун байдаг шалтгааныг судалж үзэхэд үзэсгэлэнт Кебили баян бүрд нь сирокко салхины зам дээр оршдог болохоор Сахарын цөлийн төвөөс ирсэн халуун уур амьсгал цөлөөр дамжин энэ хэсэгт ирдэг болох нь тогтоогджээ.
Өнөөдөр Кебили нь баян бүрдээ дагасан, өвөрмөц онцлогоо шингээсэн орчин цагийн хот болон хөгжжээ. Энэ хот тансаг зэрэглэлийн зочид буудлуудтай, жуулчдын анхаарлыг ихэд татдаг газар болсон байна. Хотын ойролцоо Шотт-эль-Жерид давст нуур гээд олон үзэсгэлэнт газрууд бий. Энэ нуур ган гачиг болмогц хатаж үгүй болдог хэрнээ удалгүй усаар дүүрдэг сонин тогтоцтой. Кебили хот гадаадын зочид төлөөлөгчдөдөө танин мэдэхүйн амралтын сонирхолтой нөхцөлийг санал болгодог байна.
Тимбукту, Мали
Эртний энэ хот Сахарын цөлийн өмнө хэсэгт нэгэн цагт Нигер мөрөн урсаж байсан тохойд оршдог юм. Цөлийн элс хотыг чиглэсээр гудамж талбайг нь элсээр хучиж, амьдрах нөхцөлийг нь улам хумьжээ. Дээр нь “харматан” хэмээх халуун салхи байнга үлээж, заримдаа хар салхи үүсгэнэ.
Африкт исламын шашин бий болсон түүхт газар гэлцдэг Тимбукту хот эртнээс худалдааны замын гол дайрах хэсэг байсаар ирсэн. Энд агаарын дундаж хэм Цельсийн нэмэх 28 градус ч хаврын цагт 40-өөс дээш градус болдог. Зарим үед Цельсийн нэмэх 55 градус хүрэх нь хэвийн үзэгдэл юм. Гэсэн ч аагим халуунаас жуулчид огт айхгүй, цөлийн энэ хотыг сонирхохоор ирэх хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгддэг.
Энэ хотоос эртний хэдэн зуун гар бичмэл, архитектурын дурсгал болох өвөрмөц хэлбэртэй шавар байшингуудыг үзэж сонирхох боломжтой. Энд 1000 гаруй жилийн өмнөх бичгийн дурсгалаас эхлээд 1327 онд барьсан Жингуерберийн лалын сүм, 15 дугаар зууны дунд үеийн Сиди Ярья сүм зэрэг олон дурсгал бий. Одоогийн байдлаар Тимбукту хотод 35 мянга гаруй хүн амьдарч байна.
Сахарын цөлийн элс хайр найргүй нүүж ирж, хил хязгаарыг нь улам хумьж байгаа хэдий ч хотын иргэд үүнийг болон аагим халууныг нь огт ажрахгүй. Харин нутгийн иргэдийн хамгийн дургүй зүйл бол бороо. Учир нь хотын ихэнх барилгыг шавраар хийсэн тул бороо орохоор байшингууд нь урсчих гээд байдаг аюултай. Шавар байшин нь бүгчим халуун өдөр ч сэрүү татдаг давуу талтай гэнэ. Тимбукту хотын шавраар барьсан байшингууд өдгөө ЮНЕСКО-гийн хамгаалалтад оржээ.
Руб-эль-Хали, Саудын Араб
Арабын хойгийн нутаг дэвсгэрийн бараг гуравны нэгийг Руб-эль-Хали цөл эзэлдэг. Энэ цөлийн Саудын Арабын нутаг дэвсгэрт орших хэсэг нь дэлхийн хамгийн халуун бүсийн нэгд ордог юм. Энэ цөлд хамгийн дээд тал нь Цельсийн нэмэх 56 градусын халуун бүртгэгдэж байжээ. Агаарын дундаж хэм нь Цельсийн нэмэх 40-50 градусын хооронд хэлбэлзэнэ. Тамын мэт халуун энэ газарт жилд 35 миллиметрээс илүү хур тунадас ордоггүй. Манай гарагийн хамгийн хатуу ширүүн газар болсон энэ цөлийг судлаачид 2013 онд л анх удаа явганаар туулж үзжээ. Цөлийн хэмжээ 650 мянган километр квадрат. Саудын Араб, Йемен, Арабын Нэгдсэн Эмират Улс, Оман гэсэн дөрвөн улсын нутаг дэвсгэрийг эзэлдэг цөл юм.
Амьд амьтан байх боломжгүй энэ газрын гол үзмэр бол 250 метрийн өндөртэй элсэн манхан гэнэ. Цөлийн элс төмрийн исэл ихээр агуулсан болохоор улбар шар, улаан өнгөтэй. Дэлхийн хамгийн том элсэн цөл болох энэ газраар хэдэн өдөр аялж, аалз, ганц нэг мэрэгчээс өөр амьтан байхгүй гэдгийг мэдэх боломжтой юм. Харин Руб-эль-Хали цөлийн захаар ганц нэгхэн баян бүрд харагдана. Энэ цөл нефтийн асар баян ордтой. /88/
Эль-Азизия, Ливи
Ливийн Эль-Азизия хэмээх нэгэн жижигхэн хот манай гарагийн хамгийн халуун таван газрын нэгт яах аргагүй багтдаг. Энд агаарын температур сүүдэртэй газраа Цельсийн нэмэх 57 градус хүрэх нь хэвийн л үзэгдэл. Зуны цагт агаарын температур нь тогтмол 48,9 градусаас давна. Ливийн цөлтэй хил залган оршдог болохоор шөнийн цагаар энэ хотын хөрс хөрнө гэж үгүй. Азаар Газар дундын тэнгисээс ирсэн салхи агаарын чийгшүүлж, бороо хур оруулдаг байна. Тиймээс ч Эль-Азизия нь хүнд амьдрахад тохиромжтой газар болжээ. Мэдээж хотын иргэд зуны аагим халуунд шаардлагагүй бол гэрээсээ огт гардаггүй. Хамгийн сүүлчийн тооллогоор энд 4000 хүн амьдардаг тооцоо гарчээ.
Энэ хотод 1922 оны 09 дүгээр сарын 13-нд дэлхийн хамгийн халуун цаг агаар бүртгэгджээ. Энэ өдөр хот Цельсийн нэмэх 57,7 градус хүрч халсан байна. Гэхдээ энэ хотын жилийн дундаж температур дээр дурдсан Даллолоос харьцангуй бага болохоор дэлхийн хамгийн халуун газарт тооцогддоггүй. Дэлхийн цаг уурын байгууллага Эль-Азизия хотын амжилтыг хэмжилтийн найдвартай төхөөрөмжөөр аваагүй гээд албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй байна. Харин 1913 оны 07 дугаар сарын 13-нд Үхлийн хөндийд бүртгэгдсэн 56,7 градусыг хамгийн дээд амжилт гэж үздэг.
Эль-Азизия хотын залгаа цөлд байгалийн болон түүхэн дурсгалт газрууд олон болохоор жуулчид ихээр ирдэг байна. Цөлийн Каср аль-Хаж цайз нь 1000 гаруй жилийн өмнө баригдсан, нутгийн иргэд олон жилийн турш энэ цайзыг хүнсээ хадгалах байр болгон ашигладаг байжээ.
Үхлийн хөндий, АНУ
Хойд Америкийн хамгийн нам дор, хуурай, халуун бүс болох Калифорнийн Мохаве цөлд байдаг Үхлийн хөндий нь аймшигтай нэртэй боловч амьдрал байдаг газар. Энд бутлаг ургамал ургадгаас гадна жижиг мэрэгчид, хоёр нутагтан, үнэг хярс амьдардаг. 1913 онд энд 56,7 градус хүрч халсан тухай бид дээр дурдсан.
Жуулчид Үхлийн хөндийд борооны улирлаар ирэх дуртай байдаг. Учир нь энд бага хэмжээний хур тунадас унасан ч хэдэн жилээр хөрсөн дор байсан үр сэргэж, өвс ногоо, цэцэг ургадаг байна. Дэлхийн бусад цөлөөс ялгаатай нь Үхлийн хөндийн цаг уур эрс тэс. Ид халуун зуны үед агаарын дундаж температур Цельсийн нэмэх 46 градус байдаг бол өвлийн цагт нэмэх 20 градусаас хэтрэхгүй. Өвлийн улиралд цас ордог байна.
Ангараг гараг дээр ирсэн мэт байгалийн төрхтэй энэ газрын гол нууц нь хөдөлдөг чулуу юм. 500 килограмм жинтэй энэ чулуу ул мөрөө үлдээн өөрөө хөдөлдөг ч үүний нууцыг судлаачид одоо болтол тайлж чадаагүй байна.
Эх сурвалж: naked-science.ru