Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц барих ажил эхэлнэ

2026-03-09 22:001min
20260309-220049-file.jpeg
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц барихаар төлөвлөсөн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард барилгын суурийн ажил эхэлнэ. Станц 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор нийслэлд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөжээ. Одоогоор төслийн талбайд геодезийн 142 цооног өрөмдлөгийн ажил дууссан бөгөөд ирэх дөрөвдүгээр сард барилга угсралтын суурийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд баригдах юм. Төслийг “Митайм Интернэйшнл” компани гүйцэтгэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна.

Станц нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг орон сууцжуулахад цахилгаан, дулааны томоохон эх үүсвэр болохоор төлөвлөгдсөн байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь хоёр блоктой бөгөөд тус бүр 150 МВт хүчин чадалтай.

Тус станц нь агаар мандалд хаягдах утааны NOx, SO2 хийн агууламжийг хянах системтэй, эргэлтэд буцлах шаталттай CFB технологитой зуух ашиглах юм. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортой, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгаль орчинд ээлтэй шийдлээр баригдах төлөвтэй байна.

Төслийн хэрэгжилтээр жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 4.8 сая ГДж дулааны ачаалал үйлдвэрлэхээр ТЭЗҮ-ээр тооцоолсон байна. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг станцын дотоод хэрэглээнд зарцуулах юм.