Хүрэн баавгайг хууль бусаар агнасан иргэнд 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа

Цагдаагийн байгууллагаас 2025 оны 6 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар иргэн Б.О нь Монгол орны ховор амьтан болох Хүрэн баавгайг хууль бусаар агнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны эрүүгийн шүүх иргэн Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Хүрэн баавгай /Ursus arctos/ нь 12 сая 450 мянган төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд холбогдох хуулийн дагуу экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэл өгч, хамтран ажиллахыг уриалж байна.
