“D-Өргөдөл” системээр дамжуулсан иргэдийн өргөдөл УИХ-аар хэлэлцэгдэхгүй удааширч байна

“D-Өргөдөл” цахим систем нь иргэдийн дуу хоолойг төрд хүргэх зорилготой бөгөөд олон мянган хүн тулгамдсан асуудлаа илэрхийлэн гарын үсэг зурсаар байна. Гэвч системээр дамжуулан гаргасан олон өргөдөл бодит шийдэлгүй, УИХ-аар хэлэлцэгдэхгүй удааширсаар байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” системд иргэдийн гаргасан санал, өргөдөл тодорхой хэмжээний дэмжлэг авбал шат дараатайгаар хэлэлцэх ёстой. Тухайлбал, 33 мянган хүний дэмжлэг авбал ажлын хэсэг байгуулах, 70 мянган хүний дэмжлэг хүрвэл Байнгын хорооны түвшинд хяналт шалгалт хийх, 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрддэг.
Уг системийг 2023 оны аравдугаар сард олон нийтэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд анхны томоохон санаачилгуудын нэг нь НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас таван хувь болгох тухай өргөдөл байв. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тус санаачилгыг дэмжиж, нийт 105,641 иргэн гарын үсэг зурсан ч уг асуудал бодит шийдвэр болон хэрэгжээгүй байна.
Мөн иргэн Ш.Хүрэлтулга хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулах тухай хуулийн төсөл санаачлах өргөдөл гаргаж, 10 гаруй хоногийн дотор 101,099 иргэний гарын үсэг цуглуулсан ч энэ асуудал одоогоор хэлэлцэгдээгүй байна.
Түүнчлэн 0–3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүдэд олгодог “цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай өргөдөлд 102,805 иргэн гарын үсэг зурсан ч тодорхой шийдвэр гараагүй байна.
Иргэн Д.Төгс-Арвижих дахин “Цалинтай ээж” тэтгэмжийг 50 мянгаас 500 мянга болгох өргөдлийг petition.parliament.mn-д байршуулж, иргэдийн саналыг авч эхэлжээ.
Мөн УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дууссаны дараа олгодог тэтгэмжийг хүчингүй болгох тухай өргөдөлд 100 мянга гаруй иргэн дэмжлэг үзүүлсэн ч өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэгдэхгүй орхигдсон байна.
Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох тухай өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан бөгөөд уг хуулийг хэзээ хэлэлцэх эсэхийг хүлээсээр байна. Санаачлагч Хуульч О.Батхүүгийн хэлснээр иргэд цалингаасаа татвар төлж, үлдсэн мөнгөөр байр, машин худалдан авдаг тул дахин хоёр хувийн татвар төлөх нь давхар дарамт үүсгэж байна.
Улаанбаатар хотод автомашины татвар нэмэгдсэн асуудал ч иргэдийн шүүмжлэл дагуулж байна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөр нэмэгдэж, жижиг оврын автомашин эзэмшигчид жилд 20 мянган төгрөг төлдөг байсан бол 100 мянган төгрөг төлөхөөр болсон. Үүнтэй холбоотой цахим өргөдөлд 33 мянга гаруй хүн гарын үсэг зурж, УИХ-аас ажлын хэсэг байгуулсан ч тодорхой шийдвэр гараагүй байна.
Ийнхүү “D-Өргөдөл” системээр дамжуулан олон мянган иргэн асуудлаа төрд хүргэж байгаа ч тэдгээрийг бодитоор хэлэлцэж, шийдвэрлэх явц удааширч байгаа нь иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж байна. Иргэдийн гарын үсэг, санал бодол бодит шийдвэр болон хэрэгжихгүй бол уг системд итгэх итгэл буурах эрсдэлтэй байгааг олон хүн хэлж байна.
