НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй хүүхдэд суррон худалдахгүй байхыг уриаллаа

2026-03-06 14:001min
20260306-140031-file.jpeg
НИТХ-ын дарга А.Баяр 16 нас хүрээгүй хүүхдэд суррон худалдахгүй байхыг уриалж, зам тээврийн ослын эрсдлийг бууруулахыг анхаарууллаа. 2025 онд сурронтой холбоотой осолд 2820 хүн оролцсон байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 16 нас хүрээгүй иргэдэд скүүтэр, мопед түрээслүүлэхгүй байх зохицуулалт хийхээ мэдэгдсэн юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр, 2025 онд суррон ангиллын тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам, тээврийн осолд 2820 хүн оролцсон бөгөөд үүнээс 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй байна. Тээврийн ослоор 5 хүн амиа алдаж, үүний 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байжээ.

Ослын ихэнх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн тул А.Баяр эцэг, эхчүүдэд насанд хүрээгүй хүүхдэдээ суррон унуулах, худалдан авахыг хориглохыг уриалсан байна.

Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ зам тээврийн ослоос хамгаалж, осол аваар гаргаж бусдад гэмтэл учруулах эрсдлийг бууруулах боломжтой гэж тэр онцлов.