Иргэдийн өргөдөл, гомдлын 98 хувийг хугацаанд шийдвэрлэж байгаа ч сэтгэл ханамж хангалтгүй байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнгөрсөн онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Аз мэдээлснээр, төлөвлөгөө нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдол болон хяналт, ажиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд чиглэсэн байна.
Төлөвлөгөөний хүрээнд НЗДТГ болон харьяа 20 агентлагийн 2,304 албан хаагч, үйлчилгээ авсан 1,489 иргэн, хуулийн этгээдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, нийт 77,794 өргөдөл, гомдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.
Судалгаагаар иргэдийн үйлчилгээ авах хугацаа, үйлчилгээний үйл явцын ойлгомжтой байдал, шийдвэрлэлтийн чанар, сэтгэл ханамжийг хамруулан судалсан бөгөөд өргөдөл, гомдлын 94-98 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байгаа ч иргэдийн сэтгэл ханамж 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байгааг тогтоосон байна.
Ялангуяа газар, орон сууц, нийтийн аж ахуйн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол түлхүү ирсэн бөгөөд энэ нь асуудлыг зөвхөн хугацаанд нь бус чанартай, үр дүнтэй шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Чанаргүй шийдвэрлэсэн гомдол нь дараагийн шатны гомдлын үндэс болж, иргэдийн төрийн байгууллагад дахин хандах давтамж нэмэгдэхийн хэрээр сэтгэл ханамж буурах хандлага ажиглагдаж байна.
Иргэдийн зүгээс албан хаагчийн харилцаа, хандлага хангалтгүй, үйлчилгээний процесс ойлгомжгүй, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэл тодорхой бус гэсэн санал илэрхийлжээ.
Албан хаагчид иргэдийн мэдээлэл дутмаг байдал, харилцааны хүндрэл нь ажлын ачаалалд нөлөөлж байгааг онцолсон байна. Иймд нийслэлийн захиргааны байгууллагуудад хугацаатай үүрэг, даалгавар өгч, цаашид хэрэгжилтийн үр дүнг дахин сэтгэл ханамжийн судалгаагаар үнэлэх, үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах чиглэл өгчээ.
