Д.Алимаа дэлхийн зургаан их марафонд амжилттай оролцож хос “6 одот” медаль хүртэв
2026-03-03 12:301min

Марафонч Д.Алимаа дэлхийн зургаан их марафонд амжилттай оролцож, хос “6 одот” медаль хүртсэн анхны Монгол хүн боллоо. Тэрбээр 39 дэх удаагаа бүтэн марафон гүйсэн бөгөөд 16 нь дэлхийн их марафонуудын хүрээнд тохиолдсон байна.
АНУ-д ажиллаж, амьдарч буй марафонч Д.Алимаа дэлхийн нэр хүндтэй зургаан их марафонд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсын спортын тавцанд өндөрт өргөжээ. Тэрээр Бостон, Берлин, Лондон, Чикаго, Нью-Йорк, Токио марафонд тус бүр амжилттай гүйсэн байна.
2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Токио хотноо зохион байгуулагдсан марафонд амжилттай гүйснээр Д.Алимаа хос “6 одот” медаль хүртсэн анхны Монгол хүн болжээ. Энэ нь дэлхийн зургаан их марафонд хоёр удаа бүрэн амжилттай оролцсон анхны тохиолдол юм.
Өнөөдрийн байдлаар тэрбээр албан ёсны бүтэн марафоны зайд 39 дэх удаагаа амжилттай гүйж, үүнээс 16 нь дэлхийн их марафонуудын хүрээнд тохиолдсон байна.
