Эрүүл мэндийн сайд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-02-28 11:001min
20260228-110026-file.jpeg
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Матилда Димовска нар эмийн чанар, үнэд анхаарч, нэг эх үүсвэрээс чанартай, боломжийн үнэтэй эм худалдан авах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэг эх үүсвэрээс шууд худалдан авах боломж бүрдэж байна.

Тухайлбал, “Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт”-д багтдаг гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг.

Мөн уналт таталтын эсрэг эмүүдийг ч нэг эх үүсвэрээс авах эмийн жагсаалтад багтаан нийлүүлэхээр болжээ.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Монгол Улсын Засгийн газар болон бодлогын яамны зүгээс эмийн үнэ, чанарын асуудалд анхаарч ажиллаж байгаа бөгөөд чанартай эмийг боломжийн үнээр худалдан авах тогтолцоонд шилжих эхний том алхам хийгдэж байгааг онцлов.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газартай тогтвортой хөгжлийн зорилтууд болон үндэсний хөгжлийн бусад тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.