Орон сууцжуулалтын эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-02-28 11:301min
20260228-113025-file.jpeg
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам орон сууцжуулалтын тухай болон санхүүжилтийн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт орлогын түвшинд тохирсон орон сууцны төрөлт, иргэдийн оролцоо зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хүн амыг орон сууцжуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд орлогын түвшинд тохирсон олон төрөлт орон сууц бий болгох төлөвлөгөөг тусгасан байна. Тухайлбал, бага орлоготой иргэдэд зориулсан халамжийн орон сууц, дунджаас доогуур орлоготой иргэдэд зориулсан хөлслөх орон сууц, дундаж орлоготой иргэдийг түрээслээд өмчлөх орон сууц зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэг төрийн байгууллага болон олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор явагдаж байгаа бөгөөд дараагийн шатны хэлэлцүүлгийг иргэд, олон нийтийн дунд зохион байгуулахаар төлөвлөжээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн дараа 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн барих юм байна.