Засгийн газрын хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах болон бусад асуудлыг хэлэлцэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Малчдад тэжээлийн ургамал тариалах, өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжиж, зам, дэд бүтэц байгуулах зэрэг томоохон өөрчлөлтийг уялдаа холбоотой шийдвэрлэх боломжтой болно. Мөн нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэд, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар эзэмших хүсэлтийг эрэмбэ дараалал харгалзахгүй шийдвэрлэхээр тусгалаа.
Аймаг, сумын харьяалалтай иргэд өөрийн нутаг дэвсгэрт давуу эрхтэй газар эзэмших боломжийг тодорхой болгож, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэл, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэл газар үнэгүй эзэмшүүлэх зохицуулалт орсон нь мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэжээ.
Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн цахим системд бүртгэх үүргийг тодорхойлж, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл багасах юм. Орон нутаг өөрийн онцлогт нийцсэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.
Мөн малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзэж байна.
“Энержи Ресурс” ХХК-ийн гэрээний хугацаа дууссан тул агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа. Тус компани нь “Таван толгой түлш” ХХК-д нүүрс үнэ төлбөргүй нийлүүлж байсан бөгөөд гэрээний хугацаа дууссаны улмаас жагсаалтаас хасагдсан байна.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдсэн бөгөөд тэдгээрийн материалыг үнэлэх ажлыг Ажлын хэсэг хариуцахаар болов. Төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол илэрхийлсэн компаниудын дунд БНХАУ-ын “Эн Эф Си”, “Жянши Коппер”, гурван компанийн түншлэл болон Швейцарын “Гленкор Интернэшнл ЭйЖи” багтжээ.
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж, санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судлах үүргийг Зам, тээврийн сайд болон Сангийн сайдад даалгалаа. Төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томилсон байна.
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Конвенц нь усан доор байгаа түүх, соёл, археологийн өвийг олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах тогтолцоог бүрдүүлж, үндэсний эрх зүйн үйлчлэлээс гадуур хамгаалалт, сэргээн засварлах арга зүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олгоно.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд бусад хэлэлцэх асуудлуудын дунд олон улсын авто замаар ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээ, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн төлөвлөгөө зэрэг багтсан байна.
