Монголын дөрвөн тамирчин “Милан Кортина 2026” өвлийн паралимпын наадамд оролцоно

“Милан Кортина 2026” өвлийн 14 дэх удаагийн паралимпын наадам 3 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсаас цанын төрөлд дөрвөн тамирчин оролцоно. Пара гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ, пара уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг нар өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
Энэ удаагийн паралимпын наадамд 670 тамирчин зургаан спортын 79 төрлөөр өрсөлдөх юм. Одоогоор Б.Ганболд, Ц.Дашдорж нар наадамд оролцох эрхийн оноогоо авсан бөгөөд үлдсэн хоёр тамирчны баталгаажуулалт хараахан хийгдээгүй ч онооны байдлаар оролцох боломжтой байна.
Б.Ганболд дөрөв дэх удаагаа паралимпын наадамд оролцож байгаа бөгөөд 2013 онд АНУ-ын Солт Лейк хотод болсон Сочигийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт 1.5 км төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын пара цаначдын анхны олон улсын тэмцээний эрхийг авч байжээ. Тэрээр “Сочи 2014”, “Пёнчан 2018”, “Бээжин 2022” өвлийн паралимпын наадамд оролцсон бөгөөд Азийн цомын хүрэл медальтай.
Ц.Дашдорж нь үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд Швед, Норвеги улсад болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Тэрбээр “Бээжин 2022” наадамд оролцсон бөгөөд энэ удаад хоёр дахь удаагаа өвлийн паралимпын наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
А.Сэлэнгэ нь паралимпын наадамд оролцох эрх авсан Монголын анхны эмэгтэй тамирчин бөгөөд Япон улсад болсон Азийн цомоос хүрэл медаль хүртсэнээр эрхээ баталгаажуулсан.
Б.Цэрэнпунцаг паралимпын наадамд уулын цанаар оролцсон анхны Монгол тамирчин бөгөөд Словак улсад зохион байгуулагдсан “Милан–Кортино 2026” Паралимпын эрх олгох тэмцээнд алт, мөнгөн медаль хүртэж эрхээ авсан.
Монгол Улсаас өвлийн паралимпын наадамд анх оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрээр “Турин 2006” наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байжээ.
