Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол: Орлого нэмэгдэж, зарлага тэлнэ

2026-02-25 11:301min
20260225-113029-file.jpeg
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны төсөвт тодотгол хийж, орлогыг 5.4 их наяд төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэсэн хэдий ч зарлага 6-6.5 их наяд төгрөгт хүрч, алдагдал үүсэх эрсдэлтэй байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны төсөвт тодотгол хийхээр 2026 оны хоёрдугаар сарын 24-нд хэлэлцэж эхэллээ. Төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн орлогыг хоёр сарын өмнөх 4.9 их наяд төгрөгөөс 5.4 их наяд төгрөг болгон, 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ. Орлогын нэмэгдэл нь “Сэлбэ 20 минутын хот корпорац”-аас хэрэгжүүлж буй төсөлд багтсан 8575 айлын 113 блок барилгын ажлыг 2026-2027 онд эхлүүлэн ашиглалтад оруулснаар борлуулалтаас төвлөрүүлэх орлогоор тооцогдсон байна.

Зарлага талаас нийслэл 2026 онд 5.3 их наядаас 6-6.5 их наяд төгрөг хүртэл тэлэхээр төлөвлөжээ. Хөрөнгө оруулалтын зардалд 371.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт тусгасан бөгөөд үүнээс 350 тэрбум төгрөгийг “Улаанбаатар трам” төсөлд зарцуулахаар төлөвлөсөн нь шүүмжлэл дагуулж байна. Төслийн үр ашгийн тооцоо одоогоор хийгдээгүй гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид онцолжээ.

Мөн Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөлд зориулан 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж санхүүжилт хийхээр тусгасан байна. Түүнчлэн “Улаанбаатар хотын хий хангамжийн удирдлагын газар”-т 1.3 тэрбум, “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-т 2.4 тэрбум төгрөг, “Сүү” хөтөлбөрийг өргөжүүлж дотоодын аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум төгрөг, ашиглалтын шаардлага хангахгүй түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах судалгаанд 100 сая төгрөг тус тус нэмэлтээр зарцуулахаар төлөвлөжээ.

Эдгээр үзүүлэлтүүдээс үзэхэд, нийслэл хот 2026 онд хамгийн багадаа 600 тэрбум төгрөгөөс 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвтэй байна.