Баян-Өлгийд хууль бусаар хүрэн баавгай агнасан хэрэг илэрчээ

2026-02-25 12:001min
20260225-120038-file.jpeg
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хууль бусаар хүрэн баавгай агнасан хэрэг цагдаагийн байгууллагаар илрүүлэгдэж, холбогдох хуулийн дагуу хохирлыг төлүүлэх, хариуцлага хүлээлгэх ажиллагаа явагдаж байна.

Иргэн Т нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтай газар нутгаас хүрэн баавгай агнасан хэрэг энэ оны нэгдүгээр сард цагдаагийн байгууллагаар илрүүлэгдсэн байна.

Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад багтдаг.

Ховор амьтныг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор хүрэн баавгайг амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 12,450,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд амьтны аймагт учирсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлэхээр тогтоосон.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, барих, зориудаар гаршуулан тэжээх, амьдрах орчныг алдагдуулах, түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдан борлуулах, гадаад улсад гаргах, мөн чихмэл, эд эрхтэн, гаралтай түүхий эдийн цуглуулга хийх үйлдэлд 10,000,000-40,000,000 төгрөгөөр торгох болон 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан.

Иймд иргэд хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллахыг уриалж байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба