Н.Цэлмүүн Хонгконгийн Өмнөд дүүрэгт 113 тэрбумын хаус худалдан авчээ

Монголын Алт буюу МАК ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн Хонгконгийн Өмнөд дүүрэгт байрлах One Stanley цогцолборын 5 дугаар хаусыг 247 сая хонгконг доллар буюу 31.5 сая ам.доллароор худалдан авчээ. Энэ нь Монгол төгрөгөөр 113 тэрбум төгрөгийн үнэтэй юм.
“South China Morning Post” сонинд мэдээлснээр, Н.Цэлмүүн захирлаар бүртгэлтэй Tisara Holdings компани 2024 оны нэгдүгээр сарын 29-нд Стэнли бүсийн Вонг Ма Кок Роуд дагуух уг хаусыг худалдан авах урьдчилсан гэрээг байгуулсан байна.
Н.Цэлмүүн нь уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын Алт” группийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн тэрээр ХасБанкны ТУЗ-ийн гишүүн, хувьцаа эзэмшигч юм.
МАK групп нь Монголын томоохон нүүрс экспортлогчдын нэг бөгөөд БНХАУ-д нүүрс нийлүүлж эхэлсэн анхдагч компаниудын нэг юм. Тус групп Qinghua Group, Huawei Technologies зэрэг түншүүдтэй хамтран Шивээхүрэн боомтын дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийсэн байна.
One Stanley цогцолбор нь нийт 43 блок, 82 айлын орон сууцтай бөгөөд хувийн нууцлал, далайн үзэмжээрээ дотоод, гадаадын чинээлэг худалдан авагчдыг татдаг.
Хонгконгийн Өмнөд дүүрэг болон The Peak бүс нь хамгийн нэр хүндтэй орон сууцны бүсүүдэд тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд уналтад орсон тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэхэд тэргүүлэх байр суурь эзэлж байгааг China Daily мэдээлжээ.
Зуучлалын компаниудын мэдээллээр, 2025 онд дээрх хоёр дүүрэгт анхдагч болон хоёрдогч зах зээлд нийт 174 хэлцэл хийгдэж, гүйлгээний нийт дүн өмнөх оноос 21.2 хувиар өсөж, 19.9 тэрбум хонгконг долларт хүрсэн нь 2021 оны оргил үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
