Нийслэлд теле камерын нэгдсэн систем гэмт хэргийг илрүүлэхэд хугацааг хэмнэж байна

Нийслэлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажиллаж байна. Үүнээс 4113 камерыг нэгдсэн болон дэд төвүүдэд холбож ашиглалтын чанарыг сайжруулжээ. Ингэснээр зам тээврийн осол, гэмт хэрэгтэй холбоотой 1417 камерын шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад гарган өгч, гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажилласан байна.
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзоригийн мэдээлснээр, Улаанбаатар хотын 176 уулзварт 2606 камерыг шинээр суурилуулсан байна. Өмнө нь цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхдээ хувийн хэвшлийн камер ашиглах шаардлагатай байсан бөгөөд камерын тоо хүрэлцээгүйгээс автомашины дугаар таних зэрэг асуудал хүндрэлтэй байжээ.
Нэгдсэн төвлөрсөн системтэй болсноор камерын нягтаршил, тооноос хамааран хэрэг илрүүлэхэд зарцуулах хугацаа багасаж, илрүүлэлт илүү шуурхай болсон байна. Олон өнцгөөс чанартай бичлэг авах боломжтой болсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн, тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлж, өмнө нь 3-7 хоног зарцуулдаг байсан ажиллагааг одоо 10-60 минутын дотор хэрэгт холбогдох этгээдийг олж нотлох баримт цуглуулах боломжтой болгожээ.
