АНУ-ын судлаачид ханиад томууны бүх вирусийн эсрэг шинэ вакцин бүтээжээ

АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид ханиад томууны бүх төрлийн вирусийн эсрэг шинэ вакцин бүтээжээ. Энэхүү вакциныг хамар руу нэг удаа шүршиж хэрэглэдэг бөгөөд уушгины халдвараас хамгаалж, харшлын шинж тэмдгийг намдаах үйлчилгээтэй байна.
Шинэ вакциныг амьтанд туршиж, үр дүнг нь баталгаажуулсан бөгөөд одоо хүн дээр турших шаардлагатай байгаа юм. Хэрэв энэ вакцин хэрэглээнд нэвтэрвэл сүүлийн 200 жил хэрэглэгдэж ирсэн уламжлалт вакцинуудын хэрэглээнд томоохон өөрчлөлт авчрах боломжтой гэж судлаачид үзэж байна.
Одоогийн вакцинууд зөвхөн нэг төрлийн халдвараас хамгаалдаг бол энэхүү шинэ вакцин дархлааны эсүүдийн хоорондын харилцааг дуурайж, халдварын эсрэг илүү өргөн хүрээтэй хамгаалалт үүсгэдэг байна. Вакциныг хамар руу цацах үед уушги дахь макрофаг хэмээх цагаан эсүүдийг идэвхжүүлж, дархлааны системийг халдварын эсрэг бэлэн байдалд оруулдаг.
Амьтны судалгаагаар вакцины нөлөө гурван сар үргэлжилж, уушгиар дамжин бие рүү орсон вирусийн тоо 100-аас 1000 дахин буурсан нь тогтоогджээ. Стэнфордын их сургуулийн микробиологийн профессор Бали Пулэндран энэ вакцин Staphylococcus aureus болон Acinetobacter гэсэн хоёр төрлийн бактерээс хамгаалдаг бөгөөд бусад вакцинаас өөр механизмтай ажилладаг гэж тайлбарласан байна.
