Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар томилогдлоо

2026-02-17 11:331min
20260217-113348-file.jpeg
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг сонгон шалгаруулж, Д.Баярбаатарыг ерөнхий найруулагчаар томилсон талаар хуралдаанаар шийдвэрлэв.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар найруулагчийн багийг эцэслэн томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сонгон шалгаруулалтад оролцсон хоёр найруулагчийн дунд “Скин эвент менежмент” ХХК-ийн Б.Анар болон “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын Д.Баярбаатар нар өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан байна.

Хорооны 19 гишүүн оролцсон хурлаар нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналаар Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдсон юм.

Мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдөрлөгийн уялдааг хангах хүрээнд зарим салбар хороодын чиг үүргийг өргөтгөн, нэмэлт ажлыг хариуцах шийдвэр гаргасан байна.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг найруулагчийн багт төлөвлөгөө, үйл ажиллагаагаа сайжруулах, төсвийн зардлыг бууруулах боломжийг судлах, мөн “Дэлхийн адууны өдөр”-ийн зохион байгуулалтын ажлын хэсгийн хурлаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх үүрэг даалгавар өгсөн гэж мэдээлэв.