Нийслэлд камерын системийг сайжруулж гэмт хэрэг илрүүлэх хугацааг багасгалаа

2026-02-15 11:191min
20260215-111840-file.jpeg
Нийслэлийн 6377 теле камерын 4113-ыг нэгдсэн системд холбож ашиглалт сайжирснаар гэмт хэрэг илрүүлэх хугацаа 3-7 хоногоос 10-60 минут болж багасчээ.

Нийслэлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажиллаж байна. Үүнээс 4113 камерыг нэгдсэн болон дэд төвүүдэд холбож ашиглалтыг сайжруулжээ. Ингэснээр зам тээврийн осолтой холбоотой 365, гэмт хэрэгтэй холбоотой 261, хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн 76, бусад 382 нийт 1417 камер шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад гарган өгч, гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажилласан байна.

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзоригийн мэдээлснээр, Улаанбаатар хотын 176 уулзварт 2606 камерыг шинээр суурилуулжээ. Өмнө нь цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхдээ ААН-үүдийн камерыг ашиглаж байсан ч камерын тоо дутмаг, автомашины дугаар танихад хүндрэлтэй байсан байна.

Нэгдсэн төвлөрсөн системтэй болсноор камерын нягтаршил, тооноос хамаарч хэрэг илрүүлэх хугацаа багасч, илрүүлэлт шуурхай болсон байна. Нэг цэгээс олон өнцгөөс тусгасан чанартай бичлэг, эд мөрийн баримтыг авах боломжтой болсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах нөхцлийг бүрдүүлжээ. Хэрэг илрүүлэх хугацаа өмнө нь 3-7 хоног зарцуулдаг байсан бол одоо 10-60 минутын дотор сэжигтэй этгээдийг олж, нотлох баримтыг бэхжүүлэн авах боломжтой болсон гэж Л.Ганзориг онцолсон юм.