Биткоины ханш 2024 оны аравдугаар сараас хойших хамгийн доогуур түвшинд хүрэв

Биткоины ханш 2024 оны аравдугаар сараас хойших хамгийн доогуур түвшинд хүрсэн бөгөөд энэ онд 24 хувиар буурч, 65,600 ам.долларт хүрсэн байна. 2025 онд биткоины үнэ өсч, өнгөрсөн аравдугаар сард 122,000 ам.долларт хүрч байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп крипто мөнгийг дэмжиж, хуулийн орчныг сайжруулах амлалт өгсөн ч биткоины ханш унасаар байна. Трампын нэр дэвшүүлсэн Холбооны нөөцийн банкны шинэ дарга Кэвин Уорши бодлогын хүүг өндөр түвшинд удаан хугацаагаар барих төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын биткоинд итгэх итгэлийг бууруулжээ. Бодлогын хүү буурах үед крипто мөнгөнд хөрөнгө оруулалт нэмэгддэг байна.
Биткоины үнэ дөрвөн сарын турш буурсан нь хөрөнгө оруулагчдын сонирхол буурч, зах зээлийн өөдрөг үзэл суларсныг илтгэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар крипто мөнгө бүрэн устахгүй ч удаан хугацаанд үнэ нь өсөхгүй байх магадлалтай. Жишээ нь, Этэриум, Солана зэрэг крипто мөнгөнүүд энэ онд 37 хувиар хямдарсан байна.
CoinGecko платформын мэдээллээр, өнгөрсөн аравдугаар сараас хойш крипто мөнгөний зах зээлийн нийт үнэ цэнэ 2 их наяд ам.доллараар буурч, үүний тал нь өнгөрсөн сард тохиосон байна.
АНУ-д төвтэй нэгэн хөрөнгө оруулалтын компани биткоины үнэ 38,000 ам.доллар хүртэл буурч болзошгүйг анхааруулжээ. Тус компани ам.долларын ханш өсөх нь биткоины үнийн уналттай урвуу хамааралтай гэж үздэг. Ам.доллар өнгөрсөн долоо хоногт бусад мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг сүүлийн дөрвөн жилийн хамгийн том уналтыг үзүүлсэн байна.
