Н.Учрал: Монгол-Оросын бизнесийн хамтын ажиллагааг хөнгөвчлөх Худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол

2026-02-12 13:301min
20260212-133044-file.jpeg
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын бизнес форумд оролцож, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөнгөвчлөх Худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдлыг онцлов. Форумд бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, хамтын шийдэл эрэлхийлэхээр боллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Москва хотноо болсон “Монгол-Оросын бизнес форум”-д оролцлоо. Форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл, Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон байна.

Н.Учрал дарга хэлсэн үгэндээ хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг урагшлуулах гол боломж нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр гэж тодотгов. Энэ хэлэлцээр нь Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлтэй институцийн түвшинд ойртож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг тогтвортой, урьдчилан таамаглахуйц болгох эхлэлийг тавьж байгааг тэмдэглэв.

Тэрбээр хэлэлцээр зөвхөн тарифын асуудал бус, бизнесийн хамтын ажиллагааг хөнгөвчлөх, гааль, техникийн зохицуулалт, стандартын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгааг онцлов. Монгол, Оросын бизнес эрхлэгчдэд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бий гэдгийг тэмдэглэв.

Форумын үеэр Н.Учрал дарга бизнес эрхлэгчдэд тулгардаг зарим бэрхшээлийг дурдав. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад стандарт, техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрэм, тохирлын баталгаажуулалтын тайлбар харилцан адилгүй хэрэгжих, Монгол Улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээг дахин шаардах тохиолдол экспортын хугацаа, зардлыг нэмэгдүүлдэг байна.

Мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бус, хил, гаалийн шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэлүүд бизнесийн салбарт илэрч байгааг дурдав.

Иймд энэ форум зөвхөн боломжийг хэлэлцэх бус, тулгамдсан асуудлыг ил тод хөндөж, шийдлийн гарцыг хамтдаа эрэлхийлэхэд чиглэх ёстойг онцлов. Төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, харилцан ойлголцол бэхжсэн тохиолдолд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа илүү тогтвортой хөгжих итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Форумд Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлагуудын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин, Эдийн засаг хөгжлийн дэд сайд В.Е.Ильичев, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд А.А.Слепнёв нарын албаны хүмүүс оролцсон юм.

Түүнчлэн хоёр талын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолуур, нэхмэлийн салбарын өнөөгийн байдал, зах зээлийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулсан байна. Форум Монгол-Оросын бизнесийн B2B уулзалтаар үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.