Нийслэлд сүүлийн жилд 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагджээ

2026-02-12 12:301min
20260212-123031-file.jpeg
Улаанбаатар хотод сүүлийн нэг жилд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, улсын дугаар олгох журамд өөрчлөлт оруулснаар тээврийн хэрэгслийн чанар сайжирч байна.

Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан байна. Энэ хугацаанд хасагдсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслүүдэд олгох ажлыг зохион байгуулжээ.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвийн мэдээлснээр, Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Хотын бүртгэх тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан улсын дугаарыг сонголтоор олгох практикийг зогсоож, 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй болсон байна.

Энэхүү арга хэмжээг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлснээр иргэдийн тээврийн хэрэгслийн чанар сайжирч, ашиглахаа больсон автомашинаа бүртгэлээс хасуулах хандлага нэмэгдсэн гэж Э.Ниндэв онцолсон.

Тус арга хэмжээ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилготой олон төсөл, хөтөлбөртэй уялдан хэрэгжиж байгаа аж. Мөн 2025-2026 онд цахилгаан тээврийн хэрэгслийн бүртгэл нэмэгдэх төлөвтэй байна.

Өнгөрсөн онд 79 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд 2024 онд улсын хэмжээнд 170 мянган импортын бүртгэлийг хийжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт тээврийн хэрэгслийн тоо өсөөгүй ч, олгосон улсын дугаарын хүрээнд тээврийн хэрэгслийн чанарыг сайжруулж байгаа юм.

Улаанбаатар хотод хэрэгжиж буй энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор томоохон аймгууд автотээврийн захтай болж, орон нутгийн иргэд ч уг өөрчлөлтийг дэмжиж байгааг Э.Ниндэв онцолсон байна.