Улсын хилийн зурваст газар ашиглуулах шийдвэрийг хүчингүй болголоо

Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол болон Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг хуульчилсан байдаг.
Гэвч өмнөх Засгийн газар сүүлчийн хуралдаанаараа улсын хилийн зурваст байрлах 10 боомтын орчимд, хилээс 0.9-2.5 км-ийн зайд нийт 34,227 га газрыг ашиглуулах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн болох нь тогтоогдсон.
Одоогоор улсын хилийн зурваст давхцсан нийт 54 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд үүнд 16 нь ашигт малтмалын хайгуул, 38 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Эдгээрээс 20 нь Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна.
Засгийн газар хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хил, газрыг цэгцлэх үүргийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өглөө.
“Боомтыг хөгжүүлнэ” болон “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр байсан гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэгдлээ.
Хилийн зурвас нь хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой бөгөөд хууль зөрчсөн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
