ДЦС-V төслийн санхүүжилтэд 200 тэрбум төгрөгийн бонд гаргах эрх олголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ДЦС-V төслийн санхүүжилтэд шаардлагатай 200 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг нийслэлд олголоо.
Энэхүү төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан байна. Түүнчлэн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ.
ДЦС-V төсөл нь эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.
Төслийн ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал сайжирч, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах боломжтой болно. Мөн Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах бөгөөд одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой юм.
Станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломжтой болно.
Төслийн барилга угсралтын үеэр 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болох тооцоо гарчээ.
