Дархан аварга А.Сүхбат ахмадын бөхийн барилдаанд 56 дахь удаагаа түрүүллээ

2026-02-10 10:301min
20260210-103032-file.jpeg
Сар шинийн баярт зориулсан ахмадын бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат 56 дахь удаагаа түрүүлсэн бөгөөд 21 бөх оролцсон байна. Тэрбээр барилдааны дараа сэтгэгдлээ хуваалцаж, дэмжигчдэдээ талархал илэрхийлэв.

Сар шинийн баярт зориулсан ахмадын бөхийн барилдаанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат 56 дахь удаагаа түрүүллээ. Барилдааны үеэр Дархан аварга А.Сүхбат аймгийн арслан Ч.Эрдэнэчулууныг зургаа даван ялсан бол их шөвөгт аймгийн начин Б.Пүрэвсүрэн үлдсэн байна.

Энэхүү барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Улсын начин Л.Цэвээн, Д.Цогзолдорж нарын 50-аас дээш насны 21 бөх оролцсон юм.

Барилдааны дараа Дархан аварга А.Сүхбат сэтгэгдлээ хуваалцаж, Монгол бөхийн өргөөнд барилдах шийдвэрийг өчигдөр гаргасан гэдгээ хэлэв. Тэрбээр хүүгийнхээ өсвөрийн барилдаанд оролцох үеэр ахмадын барилдаан болохыг мэдэж, үеийн болон хамт барилдаж явсан бөхчүүдтэйгээ барилдаж, хөлсөө гаргах зорилготой бүртгүүлсэн гэжээ.

А.Сүхбат Дархан аварга “Идэр залуу нас минь дурсамж болон үлдсэн энэ Бөхийн өргөөнд дахин барилдсандаа баяртай байна. Намайг дэмждэг хүмүүс ирж баяр хүргэсэнд талархаж байна” гэжээ.

Тэрбээр Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудаас 55 удаа түрүүлсэн амжилтаа өнөөдөр нэгээр нэмсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн Дархан аварга А.Сүхбат ирж буй сар шинийн баяраар Монгол түмэн элбэг дэлбэг, сайхан шинэлээрэй гэж ерөөв.