Сонгинохайрхан дүүрэгт 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулах төсөл хэрэгжинэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах зориулалттай 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар төлөвлөжээ.
Төслийн зохицуулагчаар Усны газар, захиалагчаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажиллах юм.
Хөв цөөрөм ашиглалтад орсноор үер, ган, халиа дошины эрсдэл буурч, гадаргын усны нөөц нэмэгдэхээс гадна 3191 өрхийн 9810 иргэнийг эрсдэлээс хамгаалах, агаарын чийгшил нэмэгдэж, тоосжилт буурах зэрэг байгаль орчин, нийгмийн үр дүн гарна.
Ажлын бэлтгэл 2026 оны хоёрдугаар сард эхэлж, барилга угсралтын ажил 2026 оны зургаадугаар сарын 30-нд дуусахаар төлөвлөгдсөн байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллаж байна.
