Сар шинийн баярын өмнө худалдааны төвүүдийн ажиллах цагийг сунгах санал гаргав

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэдийн худалдан авалт нэмэгдэж буй учир томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг НИТХ-ын дарга А.Баяр уриаллаа.
Баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд үйлчлүүлэгчдийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг байна. Иймд иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор ажиллах цагийн хуваарийг сунгаж, шөнийн 00:00 цаг хүртэл ажиллахыг зах, худалдааны төвийн удирдлагуудад санал болгожээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн “Цагийн менежмент хийх замаар замын хөдөлгөөний оргил ачааллын үед буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй байх боломжтой. Мөн 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ” гэж мэдэгдэв.
Уулзалтад “Нарантуул” ОУХТ, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвүүд, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүр, “Хүчит шонхор” ХХК, “Скай хайпермаркет” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд тэд саналд дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийлж, хариугаа маргааш буюу баасан гарагт эцэслэн хэлэхээ мэдэгдэв.
