С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандахаар болжээ

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуу тус улсын дээд шүүхэд хандахаар бэлтгэлээ базааж байна. Тэрбээр сошиал хуудсандаа “Малайзын дээд шүүхэд давж заалдахаар холбогдох баримтаа бүрдүүлж, энэ намар болон өвөл тав дахь удаагаа Малайз руу явах гэж байна” гэж мэдээлжээ.
Малайзын холбооны шүүх 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өмгөөлөгчдөд танилцуулсан байна. Тус шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ.
Гэсэн хэдий ч Ш.Алтантуяагийн гэр бүлд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Малайзын нэр бүхий иргэдэд даалгасан байна. Давж заалдах шатны шүүхийн хурлын танилцуулах ажиллагаанд С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч К.Сангийт болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон тухай албаныхан мэдээлжээ.
Ш.Алтантуяа нь 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар амь насаа алдсан бөгөөд энэ үйл явдалд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарыг болон засгийн газрыг буруутай гэж үзэж байжээ. Тэрбээр 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдан авсантай холбоотойгоор тус компанид орчуулагчаар ажиллаж байжээ.
