Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах саналыг дэмжив

Сар шинийн баяр ойртож байгаа тул иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах саналыг НИТХ-ын дарга А.Баяр дэмжиж, баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулжээ.
Энэхүү Ажлын хэсгийнхэн өнөөдөр ЗХУТ-д зах, худалдааны төвийн удирдлага, менежер, зохион байгуулагчидтай уулзаж санал солилцсон байна.
Баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихсэх тул иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор ажиллах цагийн хуваарийг сунгаж, шөнийн 00:00 цаг хүртэл уртасгах саналыг дэвшүүлжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн “Цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үед буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй. 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ” гэж хэлсэн байна.
Уулзалтад “Нарантуул” ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Я.Болдсүх, “Бөмбөгөр” худалдааны төвийн дэд захирал П.Отгонбаатар, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн зохион байгуулагч Б.Бямбасүрэн, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүрийн Ахлах менежер А.Хишигтулга, “Хүчит шонхор” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Б.Эрдэнэбилэг, “Юмт Бамбөгөр” ХХК-ийн зохион байгуулагч Н.Бат-Эрдэнэ, “Скай хайпермаркет” ХХК-ийн Дэлгүүрийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Отгончимэг нар оролцож, саналыг дэмжих боломжтой гэдгээ илэрхийлсэн бөгөөд хариуг маргааш буюу баасан гарагт эцэслэхээр тохиролцсон байна.
