“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна

“Сүүн дархлаа” хөтөлбөр нь хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой бөгөөд энэ хичээлийн жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 189 мянга гаруй хүүхдийг хамруулж эхэлсэн байна.
Хөтөлбөрийг үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран хэрэгжүүлж, цуврал уулзалтууд зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Сүү” ХК-тай хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Хотын дарга Х.Нямбаатар ирэх гуравдугаар сард Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй сүүний фермерүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг олгох бэлтгэл ажлыг хангаж байгааг хэлэв. Мөн Туул голын экологийн тэнцвэр алдагдаж буйтай холбогдуулан сүүний үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламж барихад нийслэлээс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж байгаагаа танилцуулж, үйлдвэрлэл, логистикийн дэд бүтцээ үе шаттай өргөжүүлж, бүрэн автомат агуулах, урьдчилан цэвэрлэх байгууламж зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байгааг онцлов. Эдгээр бүтээн байгуулалт нь ус, ариутгах татуургын системийн ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.
“Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгч, бие бялдар болон биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг хэмжиж, тодорхой хугацааны дараа гарсан өөрчлөлтийг дүгнэхээр төлөвлөжээ.
Ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавин ажиллаж байна.
