2026 оны өвөлжилтийн нөхцөл байдал ба малын тарга хүчний мэдээ

2026-02-03 17:021min
20260203-170221-file.jpeg
2026 оны эхний сарын байдлаар өвөлжилт ихэнх нутгаар харьцангуй хэвийн байгаа бөгөөд малын тарга хүч олон жилийн дунджаас өндөр байна. Улсын хэмжээнд 13,000 гаруй мал хорогдсон мэдээлэл гарчээ.

2026 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар Монгол орны нийт нутгийн 73 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Зуншлага тааруу, цас их орж, хүйтэрсэн зарим аймаг, сумдын нутгаар өвөлжилт хүндэрч эхэлсэн бөгөөд малд нэмэлт тэжээл өгөх, отор нүүдэл хийх ажлууд голчлон хийгдэж байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ.

Байгалийн бүсийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр ойт хээрийн бүсийн Булган аймгийн Орхон суманд эм хонины амьдын жин дунджаар 44 кг, эм ямаа 36 кг, үнээ 294 кг байна. Тал хээрийн бүсийн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд эм хонь дунджаар 58 кг, эм ямаа 40 кг, үнээ 339 кг, говийн бүсийн Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд эм ямаа 50 кг жинтэй байна.

Өвөлжилт ихэнх нутгаар харьцангуй хэвийн байгаа бөгөөд малын тарга хүчний байдал олон жилийн дунджийн орчим буюу түүнээс их байна.

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн малын хорогдлын мэдээгээр улсын хэмжээнд 13,000 гаруй толгой мал хорогдсон бөгөөд хамгийн их мал хорогдол Өвөрхангай аймгийн Сант суманд 4800, Баянгол суманд 1970, Гучин-Ус суманд 830, Зүүнбаян-Улаан суманд 570, Увсын Цагаанхайрхан суманд 590 орчим толгой мал хорогдсон байна.