“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажил ирэх долоо хоногт эхэлнэ

2026-02-03 18:021min
20260203-180225-file.jpeg
Ерөнхий сайдын үүргийн дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн хугацаатай үүргийн дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” (ДЦС-5) төслийн газар шорооны ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэхээр боллоо.

Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой энэхүү төсөл нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, хуучнаар ТЭЦ2 станцын үнсэн сангийн талбайд хэрэгжиж байна.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мегаватт цахилгаан, 340 гигакалори дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа дахин ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй юм.

Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах юм. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг станцын дотоод хэрэглээнд зарцуулах төлөвтэй байна.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу энэ сарын 15-наас газар шорооны ажил эхэлж, эхний ээлжинд 1961 онд ашиглалтад орсон ТЭЦ2 станцын 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулах аж.

Дараагийн шатны барилгын ажил дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай үндсэн гэрээг байгуулсан байна. Дагалдах гэрээнүүдийг энэ сард багтаан цэгцлэхээр ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 2.5 жил үргэлжлэхээр тооцжээ.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658.5 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцна.