Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргалаа

Монгол Улсад жуулчин ангиллын визээр ирсэн Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суусны улмаас албадан гаргалаа. Тухайн иргэн нь 2024 онд жуулчлах зориулалттай K2 ангиллын цахим визээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн бөгөөд визийн хугацаагаа хэтрүүлэн оршин суусан нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх шийдвэр гаргасан байна.
Гана улсын иргэдэд аялал жуулчлалын зориулалтаар 30 хүртэл хоногийн хугацаатай цахим виз олгодог ч визийн хугацаа хэтрүүлэх болон зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 онд Гана улсын 10 иргэнийг визийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр албадан гаргасан бөгөөд энэ нь нийт албадан гаргасан иргэдийн дийлэнхийг эзэлж байна.
