Сар шинийн баярыг угтан Улаанбаатар хотод бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, хотод жилд найман удаа их цэвэрлэгээ зохион байгуулж, хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр орчныг сайжруулахад анхаарч ажилладаг гэв. Энэ удаагийн их цэвэрлэгээ сар шинийн баярын өмнө явагдах бөгөөд баярын өдрүүдэд хот цэвэр цэмцгэр байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэх бөгөөд дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллах юм. Мөн хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан тээвэрлэлт хийх чиглэлийг дүүргүүдэд өгсөн байна.
Дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд болон иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
