Дээрхийн гэгээн XIV Далай лам Грэммийн шагнал хүртэв

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам “Далай ламын бясалгал: Дээрхийн гэгээн Далай ламын бодролууд” нэртэй аудио номоороо Грэммийн шагнал хүртсэн байна. Энэ шагналд Хятадын засгийн газар шүүмжлэлтэй хандаж, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан урлагийн шагналыг Хятадын эсрэг улс төрийн зорилгоор ашиглахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Далай лам шагналыг талархал, даруу зангаар хүлээн авсан бөгөөд энэ нь өөрт нь зориулсан зүйл бус, хүн төрөлхтний нийтлэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж цахим хуудсандаа бичсэн байна. Тэрбээр 1959 оноос хойш Энэтхэгт амьдарч байгаа бөгөөд тухайн онд Төвөдөд гарсан бослогыг Хятадын цэрэг дарахад дүрвэн гарчээ. Хятад улс түүнийг салан тусгаарлагч, босогч гэж үздэг.
Далай лам Төвөдөд илүү эрх чөлөө, өөртөө засах эрх олгохыг олон жил шаардаж ирсэн ч Хятад улс тус бүс нутгийг өөрийн салшгүй хэсэг гэж үздэг. Грэммийн шагналыг түүний өмнөөс хөгжимчин Руфус Уэйнрайт гардан авсан бөгөөд тэрбээр уг аудио номд оролцсон уран бүтээлчдийн нэг юм.
Өнгөрсөн жил Далай лам дараагийн залгамжлагчаа тодруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн нь Хятадтай дахин зөрчил үүсгэсэн. Төвөдийн буддизмд Далай лам нас барсны дараа дахин төрөлд ордог гэж үздэг бөгөөд хойд дүр нь “чөлөөт ертөнцөд”, Хятадаас гадуур төрнө гэж Далай лам мэдэгдсэн. Харин Хятад улс хойд дүрийг зөвхөн өөрийн засгийн газар батлах ёстой гэж үзэж байна.
Хятадаас гадуур амьдарч буй олон төвөд хүн Хятад улс өөрийн сонгосон Далай ламын хойд дүрийг тодруулж, Төвөдөд хяналтаа чангатгана гэж болгоомжилж байна. Хятад улс Төвөдийг 1950 оноос хойш захирч ирсэн юм.
