Улаанбаатарт ухаалаг камерын системээр торгуулийн хөнгөлөлттэй төлбөрийн шинэ журам хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын хөдөлгөөний дүрэм зөрчих явдал буурч, хөдөлгөөнд соёлтой оролцох хандлага нэмэгдэж байна.
Энэхүү систем нь гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнийг хянах боломжийг бүрдүүлжээ. Ухаалаг камерын тусламжтайгаар зам тээврийн осол, саад тотгорыг цаг алдалгүй илрүүлж, шуурхай арга хэмжээ авах нөхцөл сайжирсан байна.
Өмнө нь осол, саадыг илрүүлэхэд 10–30 минут зарцуулдаг байсан бол одоо зорчих хэсгийг чөлөөлөх хугацаа хоёр дахин багасчээ. Нэг осол гарсан тохиолдолд тухайн замыг чөлөөлөхөд дунджаар 30–40 минут зарцуулдаг бөгөөд энэ нь ойр орчмын 2–3 уулзварт түгжрэл үүсгэдэг байна.
2025 оны наймдугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл ухаалаг камерын тусламжтайгаар хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгуулсан байна.
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухаанд суурилсан автомат системээр илрүүлсэн замын хөдөлгөөний зөрчлийн мэдээллийг нотлох баримттай линк хэлбэрээр жолооч нарт илгээж, торгууль ногдуулах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.
Системээр бүртгэгдсэн зөрчил бүрийг эрх бүхий албан хаагч хянаж, камерын бичлэг болон бусад нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргадаг бөгөөд илэрсэн зөрчил бүрийг автоматаар торгууль болгодоггүй гэдгийг албаныхан онцолсон.
Жолооч ногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй бол Замын хөдөлгөөний удирдлагын төвд биечлэн ирж, зөрчлийн нотлох баримттай танилцах боломжтой. Мөн санал нийлэхгүй бол шийтгэл оногдуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Одоогоор нийт 10 төрлийн зөрчлөөс явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулдаг зогсох шугамын зөрчил, гэрлэн дохионы зөрчил, эгнээ байрны зөрчил гэсэн гурван үндсэн зөрчилд түлхүү анхаарч байна. Эдгээр зөрчил нь зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул бууруулах нь чухал юм.
Монгол академи УТУГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг цахимаар хүргэх, торгуулийн төлбөр төлөх үйлчилгээг нэвтрүүлжээ.
2026 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн жолооч нар торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой болсон байна. Иргэд системд нэвтэрч, торгуулийн төлбөрөө шалгаж, цахимаар төлөх боломжтой.
Хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлсөн тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт эдлэх бол 16 дахь өдрөөс эхлэн сар бүр 10 хувиар нэмэгдэж, таван сарын дараа 50 хувиар өсөх зохицуулалттай юм.
Энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан системийн гол зорилго нь жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд сургах бөгөөд ингэснээр зам тээврийн осол, түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулахад чиглэсэн байна.
